БАЯНБУЛАГ ОМГИЙН 500 ХУЦАН ХУРГААР СУМДЫН СҮРГИЙГ СЭЛБЭВ

Монгол орны тал хээрийн бүсийн уур амьсгал, хөрс, ургамлын онцлогт ер бусын дасан зохицсон, бэлчээрээр таргалж, амьдын жингээ ямар ч үед хадгалж чаддаг, зүс жигд, ашиг шим өндөртэй онцлогтой сүрэг бол Баянхонгор аймгийн Баянбулаг омгийн хонь юм. Махны чиглэлийн тус омог нь бусад омгийн хониноос тослог бага, чийг өндөр, уургийн агууламж сайтайгаараа ялгарч, монгол хониноос тогтмол 4-5 кг илүү жин татдагаас гадна ноосны ашиг шим өндөртэй.
Энэхүү омог сүргээрээ аймгийн бусад 19 сумд сүргийн сэлбэлт хийж, малын чанарлаг таваарлаг байдлыг дээшлүүлэх бодлогоор УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 2023 оны 09 сарын 30-нд Баянбулаг омгийн хонины өсвөрийн хээлтүүлэгч болох хуцан хургыг 19 суманд тус бүр 25-40-ийг нийлүүллээ.
Засаг дарга Д.Мөнхсайхан: “Сүүлийн жилүүдэд малын амьдын жин үлэмж бууралттай, таваарлаг байдлаа алдсаар буй нөхцөлд аймгийнхаа цөм сүргээ ашиглаж , сүргийг чанаржуулах, тавааржуулах үүднээс УИХ-ын даргатай зөвшилцөөд Баянбулаг сумаас Баянбулаг омгийн 500 хуцан хургыг малчдын гар дээрээс худалдан авч сумдын удирдлага, ХАА-н мэргэжилтнүүдэд нь хүлээлгэн өгч байна. Сум сумын сүргийн ашиг шим өндөр байх болтугай” хэмээв.
Мөн Шинэ хөдөө төслийн хүрээнд Баянхонгор аймаг 370,0 сая төсөвт өртгийн хүрээнд малын ашиг шимийг нэмэгдүүлэх чанарыг сайжруулах үүднээс Завхан аймгийн Их уул сумаас зургаан бухан бярууг сарлаг бүхий зургаан сумд, Сэлэнгэ үүлдрийн 40 охин бярууг мөн сумдад нийлүүлж малын цус сэлбэлтийг явуулж, ирэх жилээс гарсан төлүүдээр үхрийн хээлтүүлэгчийг нөхөх зорилго тавин ажиллаж байна.

You May Also Like