Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 2023.10.08-нд аймгийн 20 сумын ахуйн үйлчилгээний салбарын, 35 оёдолчдын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ХХААГ-ын дарга У.Балжинням, Хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунцэцэг албан тушаалтнууд оролцож ахуйн үйлчилгээний салбар, тэр дундаа оёдолчдын өнөөгийн хөгжил, нөхцөл байдал, оёдолчид өөр хоорондоо хоршин хөдөлмөрлөх боломж, мөн орон нутгийн дэмжлэг оролцоог тодорхойлох талаар уулзалтыг зохион байгуулсан.
Засаг дарга Д.Мөнхсайхан уулзалтын эхэнд Хөдөө аж ахуйн салбараас газар тариалан эрхлэгч нартай 10 сарын 4-нд уулзсан бол, өнөөдөр буюу /10 сарын 8/-нд оёдолчидтой уулзалтыг зохион байгуулж, салбарыг хөгжүүлэхэд хөрсөн дээр ажиллаж буй оёдолчид та бүхний дуу хоолой нэн шаардлагатай учир энэхүү уулзалтыг зохион байгуулж,санал хүсэлтийг сонсож, хамтран ажиллах талаар дурдав.
Уулзалтын хүрээнд дараах саналуудыг дэмжиж ажиллахаар боллоо.
1. Төвлөрсөн зориулалтын ажлын байраар хангах
2. Ажлын хувцасны үйлдвэр байгуулхад шаардагдах тоног, төхөөрөмжийн дэмжлэгийг хоршин ашиглуулах журмаар үзүүлэх
3. Оёдлын томоохон үйлдвэрүүдэд туршлага судлуулах, боловсон хүчинг бэлтгэх
4. Уул уурхайн компануудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажлын хувцасыг тасралтгүй нийлүүлэх асуудлыг дэмжин ажиллах, тухайн салбарт 600,0 сая төгрөгийн дэмжлэгийг олгох зэрэг асуудалд орон нутаг анхаарч, шийдвэрлэв.