АЙМГИЙН УДИРДЛАГА ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИДТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр /2023.10.04/ аймгийн 20 суманд газар тариалан эрхэлж буй 258 иргэн, ААН-ийн төлөөлөл болох 45 тариаланчтай зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ХХААГ-ын дарга У.Балжинням, ГХБХБГ-ын хэлтсийн дарга А.Цэцэнбилэг нарын холбогдох албан тушаалтнууд оролцож газар тариалангийн салбарын өнөөгийн хөгжил, нөхцөл байдал, тариалан эрхлэгчдийн хоршин хөдөлмөрлөх боломж, үүнд орон нутгийн дэмжлэг оролцоог тодорхойлох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэлцүүлгийн эхэнд “Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт сүүлийн жилд дорвитой хөрөнгө оруулалтыг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хийж эхлээд байна. Гэхдээ энэ салбарыг хөгжүүлэхэд хөрсөн дээр ажиллаж буй та бүхний дуу хоолой нэн шаардлагатай учир энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Аймгийн бодлого үр дүнд суурилах учир шаардлагатай асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллана” гэснээр тариалан эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсов.
Хэлэлцүүлгийн хүрээнд гарсан саналуудыг эрэмбэлэн
1. Газар тариалан эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар үйлдвэрлэл эрхлэх систем рүү шилжүүлэх
2. Ногоо даршилгааны жижиг цех байгуулах
3. Сумдад бүсчилсан зоорь байгуулах судалгаа хийх
4. Трактор, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хоршин ашиглуулах журмаар үзүүлэх
5. Услалтын системийн засвар шинэчлэлт /эхийн гол, Бумбат/
6. Бордооны үйлдвэр цех байгуулах, хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээг авч, га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх
7. Салхины хамгаалалт үүсгэж талбайд хамгаалалтын зурварсаар мод тарих
8. Үр үржүүлгийн чиглэлд анхаарч нэмэгдүүлэх
9. Тариалангийн талбайг мал амьтнаас хамгаалан хашаажуулах /бөмбөгөр, Бумбат/
10. Худаг уст цэг гаргах /бумбат/
11. Туршлага судлуулах, шинэ технологи нэвтрүүлэх
12. Хог ургамалтай тэмцэх арга технологи нэвтрүүлэх
13. Газар эзэмшил ашиглалтын асуудлыг бүрэн шийдвэрлэх
14. Жижиг зээлийн эрхийг холбоогоор дамжуулан 200,0 сая төгрөгийн дэмжлэгийг хуваан олгох зэрэг асуудалд орон нутаг анхаарч, шийдвэрлэн ажиллахаар тогтов.

You May Also Like